新モンゴル高専
Шинэ Монгол Технологийн Коллеж
New Mongol College of technology

Захирлын мэндчилгээ



Шинэ Монгол технологийн коллежийн вэб хуудсанд саатан морилж буй таны энэ өдрийн амар амгаланг эрье.

Монголын залуу үе, оюутнуудынхаа төлөө бүх цаг зав, хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулж байгдаг эрдэмтэн багш нартаа болон нийт оюутан, төгсөгчдөдөө, манай хамт олонд итгэл хүлээлгэж хүүхдийнхээ оюунд хөрөнгө оруулалт хийж буй эцэг эхчүүддээ, биднийг байгуулагдахаас эхлэн өнөөг хүртэл дэмжиж, хамтран ажиллаж ирсэн олон олон байгууллага, ачит хүмүүстээ үргэлж талархаж явдагаа илэрхийлье.

Шинэ Монгол технологийн коллеж нь дэлхийд техник технологийн хөгжлөөр тэргүүлэгч Япон улсын хөгжлийн гол тулгуур болсон "Коосэн" технологийн коллежийн сургалтын хөтөлбөрийг Монголд анх удаа нэвтрүүлэн ажиллаж өдгөө 5 жилийг үджээ.

2019 оны хавар анхны оюутнууд маань төгсөж, тэдний 20 хувь нь Япон болон Европ, Хятадын их, дээд сургуулиудад дэвшин суралцах болсон. Бусад төгсөгчид маань Монголынхоо технологийн компаниудад ажилд орж, их сургуульд дэвшин суралцаж байна.

Сургуулийн эрхэм зорилго нь эрүүл чийрэг бие бялдартай, ур чадвар, орчин үеийн үйлдвэрлэлийн технологийг эзэмшсэн, дотоод гадаадын инженерүүдтэй хамтран ажиллах чадвартай, Монгол улсын хөгжлийг нуруундаа үүрэх бүтээлч ИНЖЕНЕР ХҮН бэлдэх явдал юм.

Эрхэм зорилгынхоо хүрээнд оюутнууд маань инженерийн онолыг дадлагатай хослуулж суурь мэдлэгийг эзэмшихээс гадна, спорт, урлагийн дугуйлан секцэнд хамрагдан "ABU Robocon", "Технологи Арт (Текарт)" гэх мэт мэргэжлийн болон төлөвшлийн олон тэмцээн уралдаанд оролцон авьяас чадвараа хөгжүүлж, "Төгсөгчийн загвар"-аа өөртөө бий болгон суралцдаг билээ.

Эцэст нь, нийгэмд тулгуурласан асуудлыг шийдвэрлэх, хүн болон технологитой харьцах чадамжтай, эерэг зөв хандлагатай төгсөгчдийг нийгэм, үйлдвэрлэлийн салбарт илгээхийн төлөө та бүхэнтэй олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бид бэлэн байна. 

Шинэ Монгол Технологийн Коллежийн гүйцэтгэх захирал

                            Э.Цэндсүрэн