新モンゴル高専
Шинэ Монгол Технологийн Коллеж
New Mongol College of technology

Механикийн инженерийн тэнхим


МИ Тэнхимийн сургалтын төлөвлөгөө /Энд дарж харна уу/

1. ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА

ШМТК-ийн Механик Инженерийн Тэнхим нь Япон улсын Коосэн агентлагаас боловсруулан гаргасан “Жишиг цөм хөтөлбөр”, Монгол улсын “Ерөнхий боловсролын цөм хөтөлбөр”өөр Монгол улсад өсвөр насны суралцагсдад инженерийн боловсрол эзэмшүүлэх сургалт явуулж байна.

1.1. ТӨГСӨГЧИЙН ЗАГВАР

ШМТК нь сургуулийн механик инженерийн тэнхим 5 жилийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийг үзэж судалсан, харилцааны өндөр чадвартай, онол практикийн мэдлэгтэй доор дурдсан төгсөгчийн 6 загварыг эзэмшсэн инженерийг бэлтгэж байна.
• Мөрөөдөл, зорилготой
• Эрүүл чийрэг
• Шинжлэх ухааны үнэн мэдлэгтэй.
• Орчин үеийн техник, технологийг эзэмшсэн
• Олон талт үзэлтэй, хөрвөх чадварыг эзэмшсэн
• Бизнеийн бүтээлч сэтгэлгээтэй

1.2. МЕХАНИК ИНЖЕНЕРИЙН ТЭНХИМИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ

Тэнхмийн зорилго:
Тус тэнхим сургуулийн эрхэм зорилго, алсын хараа, зарчим, төгсөгчийн загварыг үндэс болгон материалын шинж чанарыг зөв танин мэдэж, механик инженерийн зураг төслийг боловсруулж үүнд үндэслэн механик эд анги, системийг боловсруулах технологийг эзэмшсэн инженерийг бэлтгэхийг зорино.
Тэнхимийн зорилт:
• Хэрэглээний физик, математик, онолын механик, материалын эсэргүүцэл, хэмжил зүй, машины эд анги, техникийн зураг зүй, инженерийн ёс зүй зэрэг суурь мэдлэг чадварыг олгоно.
• Материалын бүтэц шинж чанар, түүний боловсруулагдах чадварыг судалж, механик инженерийн эд анги, системд шаардлагатай материалыг сонгох чадварыг эзэмшүүлнэ.
• CAD програм, Drafter ашиглан механик эд анги, механизмын зураг төслийг боловсруулж, симмулейшн хийх чадварыг эзэмшүүлнэ.
• CAM, метал боловсруулах суурь машин, механик инженерийн хэмжилтийн багаж, ширээлтийн төхөөрөмж, тэдгээрийг ашиглаж туршилт, судалгааны ажлыг хийх технологийг эзэмшүүлнэ
• Аж үйлдвэр, шинжлэх ухааны салбартай хамтарсан төсөл, дадлага ажилд оролцуулж, бодит ажлын байрт шаардлагатай чадварыг эзэмшүүлнэ.
• Орчин үеийн техник, технологийн шийдлийг олон нийт, аж ахуйн нэгжид түгээн таниулна.

2. ХӨТӨЛБӨРИЙН УЯЛДАА

Механик инженер нь технологийн тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой асуудлыг хариуцан тоног төхөөрөмж эд ангийн бүрэн бүтэн байдал, техникийн аюулгүй ажиллагаа, засварын ажлын чанарт хяналт тавьж ажиллана. Энэ ажлыг гүйцэтгэх механик инженер нь инженерийн зураг зүй, машин механизмын онол, машины эд анги, материал судлал, хэмжил зүй, бизнесийн талаар зохих мэдлэг эзэмшсэн, тоног төхөөрөмжийн эвдрэлийг оношлон, засварлах, эд ангийн ажлын зургийг гаргах, материалын шинж чанарыг таних, захиалга хийх, засварыг шуурхай зохион байгуулах чадварыг эзэмшсэн байна. Механик инженерийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан мэргэжлийн суурь ба мэргэшүүлэх хичээлүүд нь ерөнхий эрдмийн суурь хичээлүүдтэй уялдаатай байна.

2.1. Ерөнхий суурь хичээлийн уялдаа:

Механик инженерийн мэргэжлийн суурь чадварыг олгох ерөнхий суурь хичээлийн уялдаа холбоог дараах зургаас харж болно. Ерөнхий суурь хичээл нь математик, байгалийн шинжлэх ухаан, хүмүүнлэгийн ухаан, нийгмийн ухаан, гадаад хэл, биеийн тамир гэсэн хичээлүүдийг багтаасан байна.
Монгол улсын ерөнхий боловсролын цөм хөтөлбөрийн жишгээр ерөнхий эрдмийн хичээлүүдийг хөтөлбөрт тусгасан тул хоорондын уялдаа холбоо хийгдсэн гэж үзэж байна. Харин цаашид мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлд амжилттай суралцахын тулд Алгебр ба геометр, Дифференциал ба интеграл I, II, Физик I,II,III хичээлүүдийг 1,2,3–р курсдээ үзсэн байх шаардлагатай. Ингэснээр мэргэжлийн суурь хичээлийн хэвтээ ба босоо уялдааг хангаж чадна.

2.2. Мэргэжлийн суурь ба мэргэшүүлэх хичээлийн уялдаа:

1,2,3,4-р курсын оюутнууд механик инженерийн мэргэжлийн суурь 67 кр хичээл үзнэ. Механик инженерийн ангид 5 жилд үзэх мэргэжлийн суурь хичээлүүдийн кредитийн тоог дараах графикаар үзүүлэв.
3-р курсынхан 21, 4-р курсынхан 32 кредитийн мэргэжлийн суурь хичээл үзэх бөгөөд эдгээр хичээлийн зонхилох хэсгийг (11кр) материалын эсэргүүцэл, онолын механик, машин механизмын онол зэрэг механикийн суурь хичээл эзэлж байна.
Техник дизайны үндэс, дүрслэх геометр, техникийн зураг зүй, CADын үндэс, CAD зэрэг зургийн хичээлүүдийг 3,4-р курс-д үзэхээр оруулсан бөгөөд дээрх хичээлүүд (12кр) хоорондоо хэвтээ уялдаатай байх шаардлагад нийцэж байна. 5-р курс-д 18 кредитийн мэргэшүүлэх, 5 кредит мэргэшүүлэхийн сонгон хичээл тус тус үзэх юм.
Механик инженерийн мэргэжлээр суралцах оюутан 2-р курсээс эхлэн 5-р курсыг төгсөх хүртлээ техникийн, танилцах, үйлдвэрлэлийн дадлага-12 кр, техникийн туршилт-11 кр үзэж онолоор судалсан хичээлүүдийг дадлага туршилтаар бататган үзэхээр хөтөлбөрт тусгасан нь механик инженер мэргэжлийн оюутнуудыг суурь машин дээр ажиллуулах, төрөл бүрийн механик боловсруулалт хийх, гагнуур цутгуурын ажил гүйцэтгэх дадал чадварыг эзэмшүүлэхэд онцгой ач холбогдолтой болсон.
Механик инженерийн мэргэжлийн сургалтын төлөвлөгөөний зарим хичээл хоорондын уялдаа холбоо алдагдсаныг залруулсан. (хэмжил зүй, машины эд анги зэргийг 4, 5-р курсуудад нөхөж орох замаар залруулга хийгээд явж байна) Зарим шаардлагатай хичээл, тухайлбал цахилгаан техникийн үндэс хичээлийг нэмж оруулахаар ярилцсаныг 4-р зурагт үзүүлсэн хичээл хоорондын уялдааны матрицад улаанаар тэмдэглэн оруулав.

3. ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ

• Японы Коосэн загварын цөм хөтөлбөрөөр Монголд өсвөр насныханд Механик Инженерийн Мэргэжлээр сургалт явуулж дипломтой инженер бэлтгэхээр зорьж буй онцлогтой.
• Механик инженерийн мэргэжлээр төгсөх оюутан байгалийн суурь шинжлэх ухааны мэдлэг (математик, физик, хими, биолги), мэргэжлийн суурь (мэдээлэл зүй, зураг төсөл, онолын механик, материалын эсэргүүцэл, машин механизмын онол), мэргэшүүлэх (материал судлал, машины эд анги, хий шингэний хөтлүүр), механикийн мэргэжлийн онцлогийг тусгасан дадлага туршилтын хичээлүүдийг түлхүү үзнэ. Тухайлбал: Суралцах хугацаандаа 20 кредитийн мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлүүдтэй холбоотой туршилт, дадлагын хичээл ордог нь оюутнуудад эзэмшсэн мэдлэгээ ашиглан эд ангийн үндсэн боловсруулалтыг хийх, өөрсдийн гараар эд анги, хийц зохион бүтээх
болоомжийг олгож байгаа нь ШМТК-ийн Механик Инженерийн Мэргэжлийн онцлог юм.
• Танилцах ба үйлдвэрлэлийн дадлагыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон томоохон зйлдвэр аж ахуйн газруудад хийж байгаа нь оюутнуудад мэргэжлийн чиг баримжаа олгох, төгсөөд ажлиллах ажлын байрны талаар үнэн зөв мэдлэгтэй болох ямар дадал чадвар нэмж эзэмших, юунд түлхүү анхаарах талаар олж мэдэх зэрэг онцлогтой.

4. ДҮГНЭЛТ

Цаашид сургалтын чанарыг боловсронгүй болгох ажлыг үндсэн 4 чиглэлээр хийх нь зүйтэй.
Үүнд:
4.1. Хичээлийн хөтөлбөрийн (силлабус) шинэчлэлт, хичээл хоорондын давхардлыг
нягтлах, сургалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах
4.1.1. Багш бүр заадаг хичээлийн силлабусыг дахин хянах, засварлах
4.1.2. Механик инженерийн мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээлүүдийн уялдааг дахин хянах, зарим хичээлийн кредитийг нэмэгдүүлэх
4.1.3. Инженерийн тэнхимүүдийн хоорондын хичээлийн уялдааг ярилцах
4.2. Сургалтын орчинг сайжруулах
4.2.1. Тэнхим дундын судалгааны болон туршилтын лаборатори байгуулах (Жишээлбэл металлын бүтэц судлах туршилтыг механик инженерийн ба химийн инженерчлэлийн тэнхимд хийх боломжтой, механик инженер барилга, дэд бүтцийн тэнхимийн аль алинд гидравликийн туршилт хийх боломжтой г.м)
4.2.2. Одоо байгаа механикийн лабораторийг өргөтгөх, шаардлагатай төхөөрөмж, орчин үеийн багаж хэрэгслээр тоноглох (жишээлбэл модны суурин хөрөө шаардлагатай байна)
4.3. Багшлах боловсон хүчний асуудлыг шийдвэрлэх
4.3.1. Механик инженерийн тэнхимд дадлагын багш, онолын багш шинээр авах хэрэгцээ байна.
4.3.2. Багшлах боловсон хүчнийг чадваржуулах (гадаад, дотоодын компаниудад ажиллуулах, мэргэжил дээшлүүлэх)
4.3.3. Залуу багш нарыг ахисан түвшний сургалтанд хамруулах, эрдмийн зэрэг цолтой багшийн тоог нэмэгдүүлэх
4.4. Ном сурах бичиг, гарын авлагын хангамжийг нэмэгдүүлэх
4.4.1. Ном сурах бичгийн хангамжийг сайжруулах (Коосэнд зориулсан япон хэл дээрх ном сурах бичгийг орчуулах, хэвлэх зэрэг ажлыг төсөл хэлбэрээр гүйцэтгэх)
4.4.2. Бусад их дээд сургуульд хэрэглэгддэг монгол хэл дээр бичигдсэн үндсэн сурах бичгийг худалдан авч номын санд байршуулан оюутнуудад ашиглуулах