
Шинэ Монгол технологийн коллежийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын “Гавъяат багш”, доктор Ж.Галбадрах багш 2026 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Япон Улсын 105 жилийн түүхт Обирин Их Сургуулийн хүндэт доктор цол хүртлээ.
Боловсролын салбарт 40 гаруй жил ажиллаж, бүх шатны боловсролын байгууллагад багш, удирдах ажилтнаар ажиллахын зэрэгцээ япон хэв шинжийн боловсролын тогтолцоог улсдаа хэрэгжүүлж, улмаар Монгол дахь анхны 3 коосэн сургуулийн нэг Шинэ Монгол коосэн сургуулиа үүсгэн байгуулж, өөрийн гараар улсаа бүтээх, чадварлаг залуу инженерүүдийг бэлтгэх их үйлсийг эхлүүлж, коосэн сургуулийг монгол улсад түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа билээ.
Энэхүү баярт үйл явдал нь түүний үүсгэн байгуулсан цэцэрлэгээс, их сургууль хүртэлх бүхий л шатны боловсролын байгууллагуудад ажиллаж ирсэн хамт олон, үе үеийн төгсөгчид, Монголын боловсролын салбарын хувьд бахархалт үйл явдал боллоо.
Хүндэт докторын цол олгох үеэр Обирин их сургуулийн захирал Хатаяма Ж. Галбадрах багшийн боловсролын салбарт оруулсан хувь нэмэр, Обирин их сургуульд 31 төгсөгчөө суралцуулсан амжилт болон өөрийн судалгаа, санаачилгаа бодит ажил хэрэг болгон амжилттай хэрэгжүүлж ирснийг онцлон тэмдэглэжээ.
Энэхүү эрхэм хүндтэй шагнал нь нэгэн хүний хөдөлмөр, зүтгэлийг үнэлсэн төдийгүй Монгол, Япон хоёр улсын боловсролын хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, нөхөрлөлийн үнэ цэнийг илтгэсэн үйл явдал юм.
Ж. Галбадрах багшдаа халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе!