
Манай сургууль Китамигийн технологийн ИС, Китами хотын захиргаа, Улаанбаатар хотын Зам хөгжлийн газартай хамтран ЖАЙКА-ийн Өвсний үндэс хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон билээ.
Энэхүү төслийн нээлтийн уулзалт Япон улсын Китами хотод 11 сарын 02-06 өдөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд сургуулийн захирал Т.Оюунжаргал, Барилга дэд бүтцийн инженерийн тэнхимийн эрхлэгч Б.Болорцэцэг, тус тэнхимийн багш Т.Зоригт нар оролцож байна.
Кick off meeting-ийн хүрээнд Китамигийн ТИС-ийн захирал, профессор Эисака Тошио төслийн багийг хүлээн авч, 3 жилийн төслийн ажилд амжилт хүслээ.
Төслийн уулзалтад Улаанбаатар хотын ЗХГ-ын дарга Б.Одбаяр, засвар арчлалтын хэлтсийн дарга О.Энхбаатар, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга М.Ичинхорлоо нар оролцож байна.
Төслийн хүрээнд манай сургуульд хөрсний хүйтний овойлтыг хэмжих төхөөрөмж нийлүүлэгдэх ба хичээлийн хөтөлбөрт агуулгын сайжруулалт хийх, сургалтын материал боловсруулах, багш нар сургалтад хамрагдан туршлага судлах боломж бүрдэх юм.
Биднийг үргэлж дэмжин, хамтран ажиллаж ирсэн ЖАЙКА болон Китамигийн ТИС-ийн удирдлага, төслийн удирдагч, профессор Накамура Дай профессор, бусад оролцогч нарт талархал илэрхийлье.